МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ПЕТРОГРАФИЙН СУДАЛГАА, ҮР ДҮН

Л.ЖАРГАЛ, Д.БАТ-ЭРДЭНЭ, Б.Эрдэнэцогт · Геологийн асуудлууд · 2023

Монголын нутаг дэвсгэр дээр нүүрс олж судалсан, олборлож ашигласан, үйл ажиллагаа 100 гаруй жилийп түүхтэй боловч түүний бодисын найрлагын системтэй судалгааг дөнгөж XX зууны 80-аад оны дундуур эхэлсэн байна. Үүнээс өмнө нүүрсний петрографийн судалгааг тоотой хэдхэн орд дээр тодорхой зорилгоор явуулж байжээ. Үүнд, анхны петрографийн судалгааг А.М.Шамская 1936 онд Тамсагийн сав газрын Зүүнбулагийн нүүрсэнд хийсэн нь одоо зөвхөн түүхийн ач холбогдолтой болсон байна [3]. Дараа нь 1950 онд Налайхын нүүрснээс шахмал түлш бэлтгэх боломжийг тодруулахаар петрографийн судалгаа хийжээ. Мөн зарим нэг ордын нүүрсийг цөөн тооны сорьцоор найрлагыг нь судалж (Алагцахир, Шарынгол, Багануур гэх мэт) байв. 1970-аад онд Чойр-Нялгын сав газрын Өвдөг худаг, Шивээ-Овоо, Их улаан нуурын ордын нүүрсний петрографийг Д. Бат-Эрдэнэ анх удаа нилээд нарийн судалж, бодисын найрлага, нүүрсний чанарын үзүүлэлтийн хоорондын уялдааг тогтоон, нүүрсний петрографийн ангилалыг боловсруулж, хуримтлалын эртний газарзүйн нөхцөлийг сэргээн босгосон болно. [1]. Цаашид ийм судалгаа нилээд өргөжиж, Монголын нүүрсний бүх сав газрын нүүрсийг 40 орчим орд дээр судалсан байна [3-8, зураг-1]. Одоо манай ордуудаас Өмнөгөвийн сав газрын Тавантолгойн нүүрсний петрографийн найрлага хамгийн их нарийвчлалтай, харин Дорнод Монголын провинцийнх илүү өргөн хүрээтэй судлагдаад байна [3; 5; 7-9]. Нүүрсний судалгаанд орчин үеийн цогцолбор арга аргачлалыг хэрэглэснээр судалгааны түвшинг илүү гүнзгийрүүлж өгснөөс гадна нүүрсний чанар, хувирлын зэргийг нарийвчлан тогтоох, нүүрсний хэрэглээний хүрээг тодорхойлох боломжтой болж, манайд анх удаа бүх төрлийн нүүрс, үүний дотор антрацит байгааг илрүүлсэн болно [3; 5-8]

Cited by 0 works.

Authors