Профессор Ж.Бямба ба Монголын геологи: Дэлхийн цөмөөс Монгол Алтай хүртэл
Х.УЛАМБАДРАХ, Н.Мөнхбилэг, Н.БАЙГАЛМАА · Геологийн асуудлууд · 2025
Монголын геологийн судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэрт эрдэмтэн, геологич Ж.Бямбын сүүлийн 25 жилийн бүтээл туурвилаас онцлон томоохон хувь нэмэр болж байгаа эрдэм шинжилгээний үр дүнг товойлгон гаргахад энэ өгүүллийг зориулж байна. Дэлхий дээр эрчимтэй хөгжиж, олон жишээгээр нотлогдож байгаа боловч Монголын геологийн судалгаанд плюм тектоникийн ойлголт геодинамикийн үүднээс нэвтрээгүй байсныг Ж.Бямба нар онолын хувьд тодорхойлон гаргасан.Ж.Бямбын зохиосон тектоникийн дүүрэгчлэл нь хавтангийн тектоникийн үзэл баримтлал дээр суурилсан геодинамикийн судалгааны зарчмаар зохиогдсоноороо ач холбогдолтой юм. Энэ агуулгаар зарим дүүргийн тектоник дүүрэгчлэлийг засварласан. Монгол Улсын нутаг дэвсгэрт ээлжлэн солигдож байсан геодинамик орчин болон тэр үед үүсэж байсан голлох металлогений төрөлжилтийг холбосон анхны томоохон ажлуудыг хийсэн байна. Юрын интрүзив чулуулаг, дайкын комплекс дээр үндэслэн Монгол Алтайн нуруу юрын цаг үед өргөгдөх хандлагатай байсан хэмээн дүгнэсэн нь сүүлийн үеийн үр дүнтэй сайтар нийцсэн байна.
Cited by 0 works. Open-access PDF