ДӨЧ ГОЛЫН ХОТГОРЫН ХОЖУУ ПАЛЕОЗОЙ-ТҮРҮҮ МЕЗОЗОЙН СҮБДҮКЦ-АККРЕЦЫН БҮРДЭЛ

Ж.Бямба, Б.Тамир · Геологийн асуудлууд · 2023

Монгол улсын нутаг дэвсгэрийн зүүн-хойд захад Монгол-Орос улсын хилийн дагуу Монгол-Агнуурын атираат мужийн хожуу перм-түрүү триасын үеийн тэнгисийн хурдас Дөч голын хотгорыг үүсгэнэ. Тус дүүрэгт 1944 онд А.Д.Каленов Улз, Ямалх голын савд 1:200000 масштабтай геологийн зураглал хийснээр геологийн судалгааг эхлүүлсэн түүхтэй. Зөвлөлт-Монголын олон судлаачид тухайн районд геологийн судалгааг дэс дараалан явуулж ирсэн бөгөөд тухайлбал 1945 онд А.Х.Иванов, М.Х.Анпилов нар Баян дун, Хөх уулын дүүрэгт, 1958 онд Ю.С.Везовов, Т.А.Алексеева нар Улз, Дөч голын дүүрэгт, 1972-1973 онуудад Д.Тогтох нар Улз голын савд тус тус 1:200000 масштабтай геологийн зураглалын ажлыг хийсэн. Мөн 1973 онд Н.А. Маринов, Р.А, Хасин нарын судлаачид Дорнод Монголын хэмжээнд тархсан юрын настай интрүзив бүрдлийг судалж Улз, Дөч, Ямалх голын савд олон жижиг, дунд хэмжээний интрүзив массивуудыг илрүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд энд явуулсан (1986) геологийн сэдэвчилсэн судалгааг Ц.Махбадар, Б.Баярсайхан, Д.Доржготов нар Эрээндаваа- Чойбалсангийн төмөр замын дагуух дүүрэгт хийжээ. Дээрх сэдэвчилсэн судалгааны ажлаас зөвлөмж өгснөөр 1: 200000 масштабтай зураглалын ажлыг Т. Биндэръяа, П. Хосбаяр, нар (1991) хийж гүйцэтгэсэн болно. Дөч голын дүүргийн геологийн хөгжлийн талаар дээрх судалгааны ажлуудын явцад шинэ шинэ мэдээлэл хуримтлагдаж ирсэн нь уг дүүргийн геологийн хөгжлийг тал талаас нь авч үзэх боломжтой болж байна.

Cited by 0 works.

Authors