ЖАНЧИВЛАНГИЙН ТАЛБАЙ ДАХЬ ГРЕЙЗЕНИЙ ТӨРӨЛ ТЭДГЭЭРИЙН БОДИСЫН НАЙРЛАГА

В.ДОРЖМАА, Д.Доржготов · Геологийн асуудлууд · 2023

Жанчивлангийн боржингийн массивт цагаантугалга, вольфрам, флюорит, болор ба керамикийн хэдэн арван орд, илрэлүүд болон тантал-ниобийн эрдэсжилт тархсан нь судлаачдын анхаарлыг нэлээд татдаг. Массив эрозид орж касситеритийн шороон ордыг үүсгэсэн нь практикийн хувьд ач холбогдолтой юм. Жанчивлангийн хүдрийн талбай нь Хэнтийн нурууны салбар уулсын баруун өмнөд хэсэгт зөв биш хэлбэртэйгээр баруун хойноос зүүн хойш чигт сунаж тогтсон хагарлуудын огтлолцолд байрласан ба талбайн хэмжээ ойролцоогоор 1000 км2. Хувьсгалаас өмнө М.А.Усов Жанчивлангийн пегматитийг судалж байсан байна. 1920-1950 онуудад ховор металлын ордын хайгуултай холбоотой анхны талбайн геологийн судалгааг явуулж Б.И. Куплетский тэргүүтэй геологичид анх цагаантугалганы шороон орд байгааг тодорхойлсон. 1963 оноос геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоморфологийн нэлээд өргөн хэмжээний судалгаа хийсний зэрэгцээ мөн хүдрийн болон ордын эрэл хайгуулын ажлыг эхэлжээ. 1974 оноос Хэрлэнгийн олон улсын экспедицийн судлаачид массивыг хамарсан геологийн судалгааг хийснээр түүний геологийн нарийн нийлмэл бүтцийн тухай төсөөллийг орчин үеийн үзэл баримтлалд хандуулан өнөөг хүртэл судалж байна. Жанчивлангийн массивийн боржингууд нь зүүн-хойд болон зүүн зүгт жижиг жижгээрээ хэсэг хэсэг газарт илэрсэн байдаг. Тэдгээрийн талбайн хэмжээ нь харилцан адилгүй, хамгийн том нь хэдэн км2 хүрдэг. Жанчивлангийн массивын боржингуудтай ховор металлын (Sn, Li, Та ба Nb) эрдэсжилт холбоотой үүсдэг бөгөөд сайн судлагдаагүй (Коваленко нар 1971, Иванов нар 1984, О. Гэрэл 1990).

Cited by 0 works.

Authors